Tuesday, November 6, 2012

амьдрах шалтгаан минь


Хорт эмийг сар сараар зажилж, мэст тариаг жил жилээр шахуулж
Хүндхэн тээшийг тэртээ үүрүүлж, тэвчээрийг нь хөлстэй нь шимсэн
Хөөрхий ээжийнхээ, эр зөөлөн аавынхаа хайр найдварыг,
Хамгаалж өмөөрөх ахгүй мэт дээрэлхүүлж явсан дүүгээ
Хүндэтгэн ачлахыг хүсч байна... энэ миний амьсгалах шалтаг

Хонгил өрөөнд түгжэгдсэн мэт, хоригдол этгээд цоожлуулсан мэт
Хүмүүн нийгмийн захдууханд наадаан цэнгэлийг хугаслаж
Хүзүү гудайлгүй цовоо инээж, хүслээр эргэхгүй тавиландаа гуниглаж
Хоромхон зуурын хүүхэд насаа зухасхан мэдэрч өссөнийхээ хариуг
Хөгийн нийгмээ хувьсгаж авмаар байна... энэ миний ус уух шалтаг

Хүчийг минь сорилгүй басч, оюуныг минь танилгүй доромжилж
Хүний тооноос түлхэн хасах мэт, төрх байдлаас минь тэвдэн айх мэт
Худал хөөрхийлж үнэхээр гутаасан хоёр нүүртнүүдээс
Хавьгүй өндөрт мандах, өөрийг нь бөхийж жаахан тоомсорлох
Хэтийн занал санаанд минь байна... энэ миний тэмцэх шалтаг

Хөвгүүн балчир харц минь охин түүнд дурлаж
Хөнгөн хайрын бадгууд тэрлэж түмэнтээ хийсгээд ч
Хөөрхөн түүний дэргэд хөтлөлцөөд алхаагүйдээ шаналснаа мэртаж
Хавь илүү бүсгүйтэй ханилан сууж, хөх тамгатай нуган үрээ
Хүлээхийн жаргал эрийн тавилан өөрөөсөө хүснэ.. энэ миний өглөө бүр сэрэх шалтаг

Номын өргөөнд нэмэр болгож, найргийн донтонуудад бэлэг өргөж
Нэвтэрхий үнэн, уясалгүй уянга, цэгцтэй бадгууд
Нэрнийхээ дор харьяалахгүй, цэцдийн нүдэнд шүүмжгүй
Наян нэгэн түүвэр дэвтэр үхэхдээ үлдээх мөрөөдөл минь
Намайг толгой холбож суулгасны төлөөс болог... энэ миний шүлэг бичих шалтаг

Мөнх тэнгэрээс миний дээдэс хилэгнэн халаглаж,
Монголын ариун голомтыг хэмлэгдэн тасрахыг харж төвдөхгүй
Махран өмгөөлөх, харийн хохьмойнуудыг соёлтой нь нутагт нь илгээж
Монголоо цэвэрлэх маш их хүслэн зорилго болоод сэтгэлд бугшсаныг
Магад энэ насандаа гүйцээхийн омогшил цээжинд минь оршино... энэ миний зүрх зохилох шалтаг...

No comments:

Post a Comment